Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төсөл, “Байгаль орчны засаглал” төсөлтэй хамтран уул уурхай, ноос ноолуур, хүнсний салбарын гурван компанид “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх санаачилгыг эхлүүлж байна. 

НҮБХХ-ийн дээрх хоёр төсөл Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Хүнсчдийн Холбоо, Эрдэс Баялаг Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран “Сноу филдс” ХХК, “Траст трейд” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК компаниудад үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Эдгээр компаниуд хүний эрх, байгаль орчны сөрөг нөлөөллийг илрүүлэх, бууруулах, арилгах, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дураар “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ажлыг эхлүүлж, манлайлан оролцож байна. 

Гурван компанийн зүгээс цаашдын үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллахаа илэрхийлж олон улсын жишгийн дагуу “Хүний эрхийг хүндэтгэн ажиллах тухай бодлогын тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Бодлогын тунхаглалд “Сноу Филдс” ХХК-ний дэд захирал Э.Нарантуяа, “Траст трейд” ХХК-ний Гүйцэтгэх захирал Р.Сансармаа, “Эрдэнэс Таван толгой” ХК-ны Захиргаа, Удирдлагын газрын дарга Х.Батсайхан нар гарын үсэг зурлаа. 

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийнэ гэдэг нь нэг удаагийн арга хэмжээ биш, компанийн баримтлах бодлого, өдөр тутмын үйл ажиллагаатай нягт уялдаж, тасралтгүй хэрэгжүүлэх, үе шаттайгаар сайжруулах байнгын үйл явц юм. 

Компаниуд “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийж, байгаль орчин, хүнд ээлтэй бодлого хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжирдаг, боловсон хүчин чадавхжиж, тогтвортой, бүтээмжтэй ажилладаг, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт нэмэгддэг, олон нийтийн дунд нэр хүнд өсдөг зэрэг компанид давуу талууд бий болсон олон улсын сайн туршлагууд бий. 

2011 онд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх, байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөг бууруулах, арилгах, нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг дэмжих зорилгоор “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг (31 зарчим) батлан гаргасан. Энэ зарчим нь хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүндэтгэх бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх төр, бизнесийн үүрэг гэсэн гурван багана дээр суурилдаг. Энэхүү удирдах зарчмуудын хоёрдугаар багана болох бизнесийн байгууллагын хариуцлагад компаниудыг “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай тусгасан байдаг. Энэ зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс Герман, Канад, Нидерланд, Бельги, АНУ, Франц зэрэг улс оронд бизнесийн байгууллагууд “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г заавал хийдэг байх талаар хууль батлан мөрдүүлж байна. Түүнчлэн үндэстэн дамнасан томоохон корпорациуд хилийн чанадын ханган нийлүүлэгчдээсээ албадан хөдөлмөрөөр бий болсон бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх арга хэмжээ авч байна. Өндөр хөгжилтэй орнуудын засгийн газрууд хүний эрх зөрчиж үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хилийн хориг тавьдаг болсон.  

Уул уурхай, ноос ноолуур, хүнсний салбарт хийх “Хүний эрхийн магадлан шинжилгээ” нь Монголын бизнесийн эрхлэгчдийн хувьд хүний эрх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсад хамтын ажиллагаа өргөжүүлэх, гадаад зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах чухал санаачилга юм.