Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хүний эрхийг хангах үндэсний хороо болон Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Бизнес ба Хүний эрх" төсөл хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18-нд Төрийн Ордны Их танхимд зохион байгуулах гэж буй  "Бизнес ба Хүний эрх” чуулга уулзалтад Таныг урьж байна.

Хөтөлбөрийг энд дарж үзэх боломжтой. "БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ" чуулга уулзалтад оролцох бүртгэлээ 11 дүгээр сарын 10-ны дотор баталгаажуулна уу.

“Бизнес ба хүний эрх” чуулга уулзалт

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд Засгийн газар, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагын өргөн оролцоотой 6 жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг баталсан юм. Энэхүү зарчмаар бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх, мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үр нөлөөтэй механизм бий болгоход бизнесийн байгууллага шийдвэрлэх үүрэг оролцоотой болохыг тодорхойлсон.

“Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэл нь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах явдал гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 29 улс үндэсний төлөвлөгөөгөө баталж, 26 улс түүний дотор Монгол Улс төлөвлөгөө боловсруулах бодлогын шийдвэр гаргасан байдаг.

Улмаар Монгол Улс Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргахад арга зүй, техникийн тусламж авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (НҮБХХ) Ази, Номхон далайн бүс нутагт Европын холбооны дэмжлэгтэйгээр 2017-2023 онд  хэрэгжүүлж байгаа Бүс нутгийн түншлэлийг хөгжүүлж, “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” (Business and Human Rights in Asia:  Promoting Responsible Business Practices through Regional Partnerships - B+HR Asia) хөтөлбөрт хамрагдсан билээ.

Энэхүү “Бизнес ба хүний эрхийн Азийн хөтөлбөр” нь НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах замаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, хариуцлагатай бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхүйц эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгждэг.

НҮБХХ-ийн тус төсөл нь Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран төрийн байгууллагууд, бизнес (хувийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж), бизнесийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэлэлцүүлэг хийсэн  юм. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг тодорхойлох суурь судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүн дээр үндэслэн “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” (ҮАТ)-г боловсруулна гэдгээрээ өндөр ач холбогдолтой судалгаа болжээ.

Төслийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалан зөрчигдсөн хүний эрхийг сэргээн эдлүүлэх, хохирлыг барагдуулах механизмын үр дүнтэй байдлыг дээшлүүлэх, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийх мэдлэг, чадвар, туршлага олгох зэрэг  санал санаачилгыг НҮБХХ-ийн Монголд хэрэгжүүлж буй бусад төслүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.  

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО: Чуулга уулзалтын зорилго нь бизнес, хүний эрх, эдийн засгийн өсөлтийн хоорондын харилцан хамаарлын талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”, Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын баталсан “Хариуцлагатай бизнесийн талаарх үндэстэн дамнасан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдамж”-ийн жишгээр хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. Түүнчлэн “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах явцын талаар танилцуулж, оролцогч талуудын төлөөллийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм.  

ЗОРИЛТОТ ОРОЛЦОГЧ ТАЛ: Чуулга уулзалтын гол оролцогчид болон хувь нэмэр оруулагчид нь Монгол Улсын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын бизнес эрхлэгчид, бизнесийн холбоод, олон улсын хөгжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд байх бөгөөд тэдгээрийн төлөөлөл бүхий 400 орчим оролцогчдыг хамруулан, чуулган уулзалт зохион байгуулна. 

ХЭЗЭЭ: 2022 оны 11 сарын 18-ны өдөр.
ХААНА: Улаанбаатар хот, Төрийн ордны Их танхим

ХҮЛЭЭЖ БАЙГАА ҮР ДҮН

  • Үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэх, бизнесийн байгууллагуудын үүрэг хариуцлагын талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд мэдлэг ойлголтоо дээшлүүлнэ;  
  • Бизнесийн байгууллагууд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх хэрэгцээ шаардлагын талаар бизнес, төр, иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрнэ; 
  • Бизнесийн салбарт хүний эрхийг хүндэтгэж ажиллахад төрөөс баримтлах бодлого, арга хэмжээний талаар зөвшилцөлд хүрнэ; 
  • “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар танилцуулж, гол оролцогч талуудын саналыг авна;
  • НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ын хоёр дахь тулгуур зарчим буюу бизнесийн байгууллагын үүрэг хариуцлагыг Монгол Улсад болон гадаад улс орнуудад хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар мэдээлэл солилцоно.

Холбоо барих:

Утас: 94950020
Цахим шуудан: bhrmongolia@gmail.com