"БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ" төвийн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

НҮБ-аас 2011 онд Бизнес ба Хүний эрхийн чиглэлийн удирдах зарчмуудыг баталсан. Энэхүү баримт бичигт бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үр нөлөөтэй механизм бий болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг маш тодорхой тусгасан байдаг. 

Манай улс 2015 онд хүний эрхийн төлөв байдлын хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцүүлэх үеэр Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах зөвлөмжийг өгсөн байдаг. Иймээс өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ГХЯ-аас НҮБХХ, Европын Холбоо зэрэг түншид хүсэлт тавьж, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж хамтран ажилласан. Үүний үр дүнд НҮБХХ-өөс Ази номхон далайн бүс нутагт Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр бүс нутгийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих "Бизнес ба хүний эрх" хөтөлбөрт Монгол Улс 2021 оны 2 дугаар сараас эхлэн хамрагдаж байна. “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан бүх яамдын төлөөлөл багтсан ажлын хэсэг бизнесийн салбарт хүний эрхийг хангах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү үндэсний төлөвлөгөө боловсруулахад суурь орчин, нөхцөл үнэлэх тодорхойлохоор бизнес ба хүний эрхийн суурь судалгаа, хэлэлцүүлэг орон даяар хийж байгаа юм.

Энэ удаагийн төвийн бүсчилсэн хэлэлцүүлгээр суурь судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, судалгаа болон үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг бизнесийн байгууллагуудаас сонсох, хүний эрхийг хүндэтгэж ажиллах чиглэлээр хувийн хэвшил манлайлж ажиллах хэрэгцээ шаардлага байгааг таниулах зорилготой юм.
Төвийн бүсийн хэлэлцүүлэгт Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.